Т.Эрдэнэбат: Хүссэн ч, хүсээгүй ч шинэ зүйл сурч байхыг шаардаж байдаг.
"Монголын Хөгжлийн Гарц" төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн "ОНЫ ХYН-2005" шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2005 оны 12-р сарын 25-нд тодорлоо.
Оны шилдэг програм зохиогч ECM компанийн програм зохиогч Т.Эрдэнэбаттай ярилцлаа.
Зочны товч танилцуулга:
Ажлын туршлага: Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Техник програм хангамжийн албанд 1997 -2001 онд програм зохиогчоор ажиллаж байсан. МХБ -д ажиллаж байх хугацаандаа хөрөнгийн биржийн техник, програм хангамжийг шинэчлэх төсөлд оролцон амжилттай ажилласан. 2001 оноос ECM компанид ажиллаж байна.
- Юуны өмнө 2005 оны шилдэг програм зохиогч болсонд баяр хүргэе?
- Баярлалаа.
- Харин одоо шинэ он ирчихжээ. Та ажлаа юунаас эхэлж байна вэ, мөн ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?
- Тийм ээ шинэ он гарчихлаа. Ямар ч байсан эхний ээлжинд оны өмнө хийж байсан ажлуудаа тодорхой хугацаанд үргэлжлүүлэн хийж дуусгана гэж бодож байгаа. Дараа нь мэдээж тухайн програмын сайжруулалттай холбоотой ажлууд, нэмэлтүүд хийгдэх байх аа.
- Банкны мэдээллийн иж бүрэн систем - ГЛАКСИ системийг боловсруулаад та оролцсон. Тэгэхээр энэ систем яг юугаараа шинэлэг гэж нэрлэгдээд байгаа юм бол?
- ГЛАКСИ бол иж бүрэн систем. Их уян хатан. Төрөл бүрийн нэмэлт, өөрчлөлтүүд хийх боломжтой. Бусад системүүдтэй холбогдох боломж сайтай гэж бодож байна.
- Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт шинэ систем боловсруулах ажлын мэдээллийн системийн төслийн менежер, системийн удирдагчаар ажилласны хувьд системийнхээ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
- Манай компани 2004 оны 8-р сараас энэхүү системийг боловсруулж байгаа. Энэ систем нь дотроо Шимтгэл, Тэтгэвэр, Тэтгэмж, Эрүүл мэнд, Харилцах гэсэн таван дэд системтэй. Би Эрүүл мэндийн дэд системийг боловсруулахад оролцож байгаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд маш олон хүн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
-Тэгэхээр энэ шинэ системийг энэ сараас эхлэн нийгмийн даатгалын бүх хэлтсүүдэд нэвтрүүлэхээр болсон гэсэн. Амьдрал дээр тэр систем хэрхэн нэвтэрч, ямар ач холбогдол, үр дүнг харуулах вэ?
- 2006 оны 1 сараас нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ систем амжилттай нэвтэрснээр зөвхөн Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, ECM компани хоёрт ашигтай байх юм биш ээ. Өнөөдөр нийгмийн даатгалтай холбоогүй монголын нэг ч иргэн, нэг ч аж ахуйн нэгж байхгүй байхаа. Энэ ажил амжилттай болсноор тэдгээрийн ажил, амьдрал ахуйд ямар нэг хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх байх.
- Програм хангамжийн салбар руу яриагаа хандуулъя. Манайд өнөөдөр энэ салбар ямархуу төвшинд хэрхэн ажиллаж байна гэж та үздэг вэ?
- Энэ салбарт ажилладгийн хувьд програм хангамжийн салбарын хөгжлийн төвшинг дундаас доош л гэж хэлмээр байна. Програм хангамж юунд хэрэгтэй, ямар ашигтай вэ гэдгийг хүмүүс саяхнаас л ойлгож эхэлж байна шүү дээ. Тэгээд ойлгосон ч түүнд ач холбогдол өгөхгүй байна.
- Монголын програм зохиогчдод учирдаг нийтлэг бэрхшээлийг нэрлэ гэвэл та энэ сэдвээр ямар яриа өрнүүлэх вэ?
- Програмын захиалга өгөхдөө бодлогын даалгаврыг нарийвчлан дэлгэрэнгүй гаргаж өгдөггүй нь л хэцүү байдаг. Захиалагч уг нь хийлгэх гэж байгаа ажлаа програм зохиогчийг бодвол илүү сайн мэдэж байгаа юм чинь даалгавраа нарийвчлан сайн гаргаж өгвөл цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй, эхнээсээ зөв явахад ч хэрэгтэй байдаг.
- Програм хангамжийн салбарт ийм л зүйлийг шүүрч аваад хийчих юмсан гэсэн бодож, төлөвлөсөн эсвэл зорьсон зүйл танд бий юу?
- Яг одоогоор тийм зүйл санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ миний байнга бодож явдаг нэг зүйл бол нээлттэй эх код бүхий програм хангамжийг (Open Source Software) Монголд хөгжихөд бага ч гэсэн хувь нэмэрээ оруулах юмсан гэсэн хүсэл байдаг юмаа.
- Монголд програм хангамжийн салбар хэрхэн эрч хүч, далайцтайгаар хөгжих бол, та энэ талаар бодож эргэцүүлдэг биз дээ?
- Хууль, эрх зүйн болоод эдийн засгийн талаар нь дэмжээд энэ салбарыг хөл дээр нь босгочих юм бол програм хангамжийн салбар цаашдаа өөрөө өөрийгөө аваад явчих байхаа. Түүгээр ч зогсохгүй монголын эдийн засагт ч тодорхой хувь нэмрээ оруулдаг болно. Яагаад гэвэл авъяаслаг олон програм зохиогчид, мэргэжилтнүүд энэ салбарт ажиллаж байгаа юм чинь. Би монголчуудыг database nation болоосой гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн систем дээр үндэслэсэн ард түмэн гэх юмуу даа. 2,5-хан сая хүнтэй юм чинь бүх мэдээллийг нь холбосон нэгдсэн нэг мэдээллийн систем үүсгэх боломжтой гэсэн санаа юм л даа.
- Таны цагийг хэмнээд бид ярилцлагаа өндөрлөж сүүлчийн асуултаа тавъя. Таны эзэмшсэн мэргэжлийн сайхан нь юу вэ?
- Хүссэн ч, хүсээгүй ч шинэ зүйл сурч байхыг шаардаж байдаг нь.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
- Баярлалаа
Ярилцсан: www.gateway.mn вэб сайтын сэтгүүлч Б.Должин

