Home  »  News

Г.ЗОРИГ: Монгол БРЭНД бий болгоё.

2004-02-05

Манай улсад программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монголчуудын хийж буй программ дэлхийн стандартад хүрсэн чанартайд тооцогдож байна. Харин дотроо өрсөлдөх бус гадаад зах зээлд гарч, бусадтай хүч чадлаа сорихын чухлыг тэд байнга сануулдаг. Манай төр, засгийнхан өөрсдийн мэргэжилтнүүдийг үл тоож, гадныхныг царайлчилж тэдний өндөр үнэтэй программыг худалдан авдаг нь нууц биш юм. Гадаадынхны толгой эргэм өндөр үнэтэй программыг манай мэргэжилтнүүд хямд, чанартай гүйцэтгэх чадвартайг тооцож үздэггүй. Хэрвээ программ хангамжийн бизнесийг төр засгаас дэмжиж хөгжүүлбэл Монгол улс богино хугацаанд хурдацтай хөгжих боломжтой хэмээн "ЕСМ" компанийн захирал Г.Зориг ярьж байна. Түүнийг Япон руу явахаас нь өмнө энэ ярилцлагыг хийсэн юм. Г.Зориг Монголын программ зохиогчдын чадварыг Японы зах зээлд таниулах зорилготойгоор тодорхой хугацаагаар ажиллахаар явж буй юм.

 

А. Та монгол мэргэжилтнүүдийн хувьд шинэ гэж хэлж болох бизнес эхлүүлэхээр Япон улсыг зорих  гэж байна. Энэ талаараа тодорхой ярина уу?

 

Х.  Манайх 2 жилийн өмнө гадаадын зах зээлд гарч ажиллах үндсэн зорилготойгоор байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ур чадвараа нэмэгдүүлэх, боловсон хүчнээ бэхжүүлэх, программ хангамжийн компаний мэргэжлийн менежментийг бий болгох, гадаад зах зээлээ судлах зэрэг олон улсын хэмжээнд хүрч ажиллах бэлтгэл, бие халаалт хийлээ. Өнгөрсөн оны 7-р сард Япон улсад өөрийн компаний салбарыг байгуулж, анхны гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Одоо бизнесээ тэнд зүгшрүүлэх, цаашид улам хөгжүүлэхийн тулд урт хугацаагаар ECM-JAPAN салбарт төвлөрч ажиллахаар явж байна.

 

А. Танай компани Японы программ хангамжийн зах зээлийг сонгосны учир юу вэ?

 

Х. Программ хангамжийн хувьд Япон бол дэлхийд Америкийн дараа ордог хоёр дахь том зах зээл. Японы мэдээллийн үйлчилгээний хүрээнд бидний сонирхон гайхах дуртай Энэтхэг, Солонгос, Хятадаас 10-20 дахин их мөнгө эргэлдэж байна. Гэхдэ энд программчлалын бизнесийн өрсөлдөөн Америкаас олон дахин бага. Мөн дэлхийн ихэнх улс Япон хэл, соёлыг давж гарахаас айдаг нь Монголчуудад давуу тал олгодог. Япон хүмүүсийн сэтгэлгээ, бизнесийн ажиллагаа нь урт удаан хугацаанд үргэлжилэхээр харилцаа тогтоодог нь бидэнд тогтмол, тууштай бизнес хийх итгэл төрүүлдэг. Монголчуудад хамгийн их дутагддаг чанар болох аливаа зүйлийг тууштай, эцсийг хүртэл, дээд зэргийн чанартай хийх нь Япон хүний бусад үндэстнээс ялгагдах онцлог. Бид ийм чанарт суралцсанаар цаашид дэлхийн том зах зээлд гарахад томоохон хичээл болно гэж тооцоолон Японыг сонгосон юм. Тэгээд ч Япон улс бол Монгол хүн амжилтанд хүрч байгаа хамгийн ээлтэй улс гэдэгийг манай спорт, урлаг, бизнесийн хүмүүсийн амжилт баталж байна шүү дээ.

 

А. Мэдээллийн технологийн салбарт манай улстай сүүлийн үед нилээд дотно харилцаатай болж байгаа Энэтхэг, БНСУ-ын компаниудтай хамтран ажиллавал ямар вэ?

 

Х. Дэлхийн программ хангамжийн зах зээлд 2 төрлийн оролцогч байдаг. Нэг хэсэг Америк, Япон, Герман, Англи зэрэг улсууд ажил захиалагч, үндсэн зах зээлийг бий болгогчид болдог бол нөгөө хэсэг, түүний дотор Энэтхэг, БНСУ ажил хайгч буюу гүйцэтгэгч улсууд юм. Тэгэхээр дээрх 2 улс программчлалын салбарт бол манай өрсөлдөгч улсууд болж таарна. Энэтхэгийн зарим компани Монгол орж ирээд бидний хийчихээр программын ажлыг авсан тохиолдол цөөнгүй бий. Цаашдаа гадаад бус, манай жижиг зах зээл дээр ч эдгээр улс бидний гол өрсөлдөгч болох хандлагатай байгаа.

 

А. Ер нь программ хангамжийн үйлдвэрлэл хэр ирээдүйтэй, ямар онцлогтой бизнес вэ?

 

Х. Программ хангамж бол оюуны бизнесийн сонгодог загвар. Тиймээс хүний оюун ухаанд байдаг тайлагдашгүй их нөөц, хүчин чадал программ хангамжийн бизнест нуугдаж байдаг. Түүнийг шаардлагатай үед, зөв газар нээж чадвал асар их баялаг болох учиртай. Энэ утгаар уг бизнесийг ойлгож хүлээн авч, ажил хэрэг болгох орчин хамгийн чухал. Орчин нөхцлийг нь бүрдүүлж, хөгжүүлж чадвал ажиллагсадын тоо, газар зүйн байршил, эдийн засгийн хүчин чадлаас үл хамааран маш богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэж чаддаг онцлогтой үйлдвэрлэл. Өнөөдөр дэлхийн улс хооронд олон зуун тэрбум ам.долларын программ хангамжийн үйлдвэрлэл өрнөж байна. Цаашдаа улам өсөх хандлагатай энэ зах зээл хэний ч өмнө нээлттэй боловч хүссэн бүхэн орж чадахгүй л байна. Учир нь энэ бизнес өндөр боловсрол, чадвар, сэтгэлгээ шаарддаг юм.

 

А. Таны хэлснээр харьцангуй цөөн хүний хүчээр, маш богино хугацаанд амжилтанд хүрч болох дэлхийн программ хангамжийн зах зээлд гарах оролдлогыг Монголчууд хийж байна уу?

 

Х. Зарим улс энэ зах зээлд гарах төрийн тусгай бодлого явуулдаг. Манай төр засгийнхан "Мэдээллийн Холбооны Технологи" гэж хэт ерөнхий зүйл ярьж ирлээ. Харин хэсэг компани, хуввь хүн тохиолдлоор бага хэмжээний гадаадын захиалгат ажил гүйцэтгэх, эсвэл гадаадын компаний салбарыг Монголд байгуулж, түүнийхээ удирдлагаар программ боловсруулах, тест хийх ажлууд хийгдэж байна.  Манай компани өөрсдөө бие дааж, өөрийн онцлогтой, тогтмол системтэйгээр гадаадын программ хангамжийн зах зээлд гарахын зорьж байна. Ер нь энэ чиглэлээр төрөөс маш зөв бодлого явуулж чадвал  5-10 жилийн дотор Монголын 1000 программ зохиогч залуус манай улсын өнөөдрийн жилийн төсвийн орлогыг бүрдүүлэх хэмжээнд хүрч болно. Гэхдээ ямар нэг онцгой нээлт хийхгүйгээр шүү. Харин шинэ технологи, шийдэлтэй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх тусгай бүтээгдэхүүн гаргаж чадвал улсын хөгжлийг хэд дахин хурдасгах боломжтой.

 

А. Бусад улс орнууд энэ салбартаа их анхаардаг тухай мэргэжилтнүүд ярьдаг?

 

Х. Олон улс орон программ хангамжийн ая холбогдлйг мэддэг хэдий ч энэ чиглэлээр цөөн улс өөрийн онцлогт тохирсон бодлого явуулж чадаж байгааг бид бүгд мэднэ. Харин манай төр засгаас монгол хүний оюуны онцлог чадварууд, ажил алба, амьдрал ахуйдаа ханддаг сэтгэлгээний тогтсон шинж төрхөнд таарсан бодлого хэрэгжүүлбэл амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Мэдээллийн зууны онцлог, хандлагыг харвал өндөр технологи оюуны бизнесийг баримжаа болгосон улс хурдацтай хөгжиж, түүхий эд гэх мэт амиа аргацаасан үйлдвэрлэлийн бодлого явуулж буй улсын хоцрогдол улам их болж байна. Бид чадахгү, бусдаас тусдамж зөвлөгөө авъя гэдэг бодлоос ангижрах нь хамгийн чухал. Төрөөс программ хангамжийн үйлдвэрлэлийг дэмжихдээ урт хугацааг хамарсан цогц бодлого явуулах ёстой. Зарим нэг санаа хэлье. Юуны түрүүнд монголын компаниудыг гадаад зах зээлд гарах гарц олоход туслах хэрэгтэй. Тухайлбал, Энэтхэгийн программын экспортын амжилтын үндэс нь 20, 30 жилийн өмнө Америкт гарч ажилласан, компани байгуулсан Энэтхэг иргэд. Тэгэхээр бид нийслэлдээ суугаад гаднаас хэн надад ажил өгөх бол гэж хүлээгээд нэмэргүй. Хүн хүчний нөөц багатай манай улсын хувьд Энэтхэг шиг захиалгын программ боловсруулах бодлого барьж болохгүй. Харин Израйл шиг программ хангамжийн бэлэн бүтээгдэхүүн экспортлохыг чармайх нь илүү оновчтой. Энэ тохиолдолд манайх математик, физик, хими зэрэг байгалийн шинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтнүүдийг программ хангамжийн салбарт ашиглах нь чухал. Монгол хүний хатуу хөтүү нөхцөл, тулгамдсан үед ихийг бүтээж чаддаг чадвар дээр үндэслэн программ хангамжийн бизнесийн загвар бий болгох шаардлагатай байна. Мэргэжлийн боловсон хүчин болон энэ чиглэлээр сурч байгаа хүмүүсээ хөрөнгө мөнгөөр тэтгэж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, мөн программ хангамжийн мэргэжилтэн бэлтгэхдээ дэлхийд тэргүүлэх Монгол инженерийн брэнд бий болгох зэрэг олон ажил хийхэд төрийн дэмжлэг, бодлого хэрэгтэй байгаа юм.  

 

А. Ерөнхий сайдаар ахлуулсан Мэдээлэл Технологийн Үндэсний хороо бодлого шийдвэр гаргаж, энэ ажлуудыг хийх үүрэгтэй гэж ойлгодог?

 

Х. Дээр хэлсэн санал бодлоо 2000 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхүүдэд хэлж, Мэдээллийн технологийн үндэсний хороо байгуулах асуудлыг хөндөж тавьсан. Харамсалтай нь хуучин архагшсан систем, сэтгэлгээ үйлчилж дорвитой бодлого явуулах чапваргүй хороо бий болсон. Сүүлдээ энэ хороо Ерөнхий сайдад ойр байхыг хүссэн хүмүүсийн сонирхолыг татдаг газар болон хувирч байх шиг байна. Ер нь үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг гаргах, зохион байгуулалтын бүтцийг бий болгох ажлыг хороо хийх ёстой байх. Гэтэл өнөөдөр бид яг хаашаа явах гээд байгаа нь тодорхойгүй л байна. Дэд бүтцийн яаманд Мэдээллийн технологийн газар байгуулсан боловч тэнд программ хангамжийн бизнес, оюуны экпортын талаар мэдлэгтэй мэргэжилтэн байхгүй, өмнө нь холбооны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс хаягаа солиод суучихсан. Монгол улс холбооны технологийн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх зорилго тавиагүй биз дээ. Тэгэхээр дэлхий нийтийн зүй ёсны хөгжлийг дагаад ороод ирсэн монголчуудын мөнгийг гадаадын компани руу урсган бизнесийн бүтэцтэй холбоожилтын хөгжлийг сүр дуулиантай зарлан суух шаардлага байгаа юм болов уу.

 

А. Гэхдээ суурь сүлжээ, холбоо манай орны хөгжлийн гол салбар шүү дээ?

 

Х. Монголын хөгжилд хэрэгтэй гэдэг талаас хандвал өчнөөн зүйлийг дурдаж болно. Харин маш богино хугацаанд, бага зардлаар, улсын чадавхи нөөцийг нэмэгдүүлж өндөр хөгжилд хүргэж болох бодит ажил тийм ч олон биш. Мэдээллийн технологийн салбарт суурь сүлжээ байгуулах ажилд зарцуулж байгаа хөрөнгө, хүч, анхаарал, бодлогынхоо жаахан хэсгийг оюуны экспортод чиглүүлбэл хэд дахин илүү үр дүнд хүрч болохыг л би хэлж байна.      

 

А. Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулагдсан. Энэ байгууллага ямар ач холбогдолтой гэж та боддог вэ?

 

Х. Шинэ төрлийн бизнесийг бий болгох талаар дэлхийн олон улсад хэрэглэдэг түгээмэл аргын нэг нь технологийн парк байдаг. Манай улсад Мэдээллийн Технологийн Парк байгуулсан нь нэгэн дэвшилтэт алхам боловч, бусад технологийн паркуудын голлож анхаардаг зүйлийг орхигдуулж байна. Аливаа бизнесийг өсгөн хөгжүүлдэг гол хөшүүрэг нь түүний хоол тэжээл буюу хийх ажил, зах зээлийн тааламжтай орчин байдаг. Ялангуяа программын ажлын гол захиалагч Засгийн газар эхлээд программ хангамжийн компаниудыг тодорхой хугацаанд ажлаар хангах нь чухал байдаг. Гэтэл манай Засгийн газрын байгууллагууд мэдээллийн том систем байгуулах асуудлыг гадаадын компаниудтай л ярилцаад, бидэнд бага ч атугай захиалга өгөхгүй байгаа нь нууц биш юм. Энэ нь дотоодын мэргэжилтнүүдээ үнэлэхгүй байгаагийн жишээ гэж хэлж болно.

 

 А. Монголын программ зохиогчдын түвшин дэлхийн хэмжээнд хүрсэн талаар гадаадынхан олонтаа ярьдаг. Гэтэл манай төр засгийнхан өөрийн мэргэжилтнүүдээ тоодоггүй нь ямар учиртай юм бол, эсвэл энэ нь гадныхан л сайн гэсэн ойлголттой холбоотой юу?

 

Х. Манай компани өнгөрсөн 2 жилд олон улсын түвшинд хүрсэн системүүдийг хийсэн. Тухайлбал, Гаалийн бүх салбарт хэрэглэж байгаа GAMAS систем, Голомт, Капитрон банкинд ашиглаж буй GLAXY систем байна. Хүмүүс манай системийг хэдэн 10 дахин хямд байна гэдэг бол миний хувьд хэд дахин олон үйлдлийг хөнгөвчилсөн гэж харьцуулах дуртай. Бас нэг бүтээгдэхүүн болох ШУТИС болон бусад олон дээд сургуульд хэрэглэгдэж байгаа их сургуулийн удирдлага мэдээллийн UNIMIS систем шиг мэдээллийн системтэй сургууль ОХУ-д байхгүй, Японд цөөхөн, Америкийн том их сургуулиудад байдаг. Энэ бүгдээс харахад бид дэлхийн түвшинд программ боловсруулдаг болжээ. Харамсалтай нь бидний хийсэн ажлыг Монголчууд биш харин гадаадын мэргэжил нэгт нөхөд маань л магтдаг. Сонин байгаа биз?

 

А. Хямд зардлаар дэлхийн хэмжээний мэдээллийн системтэй болох бололцоо манайд байна гэж ойлгож болох уу?

 

Х.  Үнэнийг хэлэхэд сүүлийн 10 жилд Монголын программчлалын олон компанийг дэлхийн түвшинд хүргэх хэмжээний олон сая долларын өртөг бүхий мэдээллийн систем байгуулах төслийг гадаадын нэр хүндтэй компаниар хийлгэх нэрээр үр дүнгүй цацлаа. Цаашдаа ч энэ хандлага үргэлжлэх шинжтэй. Харин асуудлыг бодитой үнэлж, байгууллагын эрх ашиг, бизнесийн өгөөжийг зөв тооцож шийдвэр гаргасан ГЕГ, Голомт банк, ШУТИС-ийн удирдлагуудад их баярладаг.

 

А. Мэргэжлийн зохих түвшинд хүрсэн программ хангамжийн компаниуд Монголд бий юу?

Х. Программ, мэдээллийн системийг дэлхийн дундаж хэмжээнд боловсруулах чадвартай компани 3-4 бий.

 

А. Та компанийхаа ирээдүйн амжилтанд хэр итгэлтэй байна вэ?

 

Х. Бид гадаадын зах зээлд гарах бэлтгэлийг 4 жил хийсэн. Энэ хугацаанд олон компани, хүмүүстэй дотно харилцаа тогтоосон. Монголдоо дэлхийн жишигт хүрэхүйц системүүд боловсруулж байнгын ажиллагаанд орууллаа. Сайн программ зохиогч, менежерүүд бүхий санаа нийлсэн баг бүрдүүллээ. Японд компьютерийн ухаанаар доктор, мастер цол хамгаалсан хүмүүс бэлэн боллоо. Иймээс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ бидний хөдөлмөрийн эхний үр дүн гарах хүртэл дахиад 2 жилийн их ажил хүлээж байгааг сайн ойлгож, тооцоолж ажиллаж байгаа.

 

А. Японы зах зээлд нэвтэрэхэд ямар бэрхшээл тулгарах бол?

 

Х. Хамгийн хэцүү зүйл нь өнөөгийн Монгол хүнийг бөх барилддаг, малчин хүмүүс гэсэн дэлхий нийтийн төсөөлөлийг эвдэж Монголчууд хэнээс ч дутахгүй программ боловсруулж чаддаг талаар тодорхой ойлголт өгөх хэрэгтэй байна. Мөн өртөг өндөртэй Япон оронд үйл ажиллагаагаа жигдрүүлэх хүртэл хөрөнгө мөнгөний бэрхшээл их гарах нь мэдээж. Гэхдээ дэлхий дээр эргэлдэж буй их хөрөнгийг Монгол руу урсгадаг цорго олон, харин эх орноос минь урсаж гардаг нь бага болбол Монгол Улс хөгжинө гэдэг бодлоор урамшин ажиллах болно.

ӨНӨӨДӨР СОНИН. 2004/02/25 №046

Partner login

User name
Password

Job

JOB VACANCY

Permanent job, fair salary, opportunities to develop, and friendly colleagues are welcoming you!

more

Related news

“Customer Service and Communication Management” information system of “Ulaanbaatar Power Plant” LLC has been inaugurated

"Customer Service and Communication Management" information system was inaugurated in the first half of June, 2009. ECM LLC was qualified as the project author in tender by the commercial reconstruction of the "Ulaanbaatar Power Plant" company, a project with loan from the World Bank.

more

Ц.ОТГОНБАГАНА: ECM бол E-Commerce Mongolia гэсэн утгатай.

ECM бол монголд үйл ажиллагаа явуулж байгаа програм хангамжийн салбарын цөөхөн компаниудын нэг юм. Тэднийх цэвэр програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарт ажилладгаараа онцлог бөгөөд 2001 онд байгуулагдсанаас хойш нилээд олон ажлуудыг амжуулжээ. Тэр тусмаа улсын хэмжээний томоохон системүүдийг бүтээсэн нь уншигч таны анхаарлыг татна гэж найдаж байна.

more

Мэдээллийн технологи бол бусад салбарын хөгжлийн хөшүүрэг

Малайзын Мултимедиа Супер коридор, Японы Э-Япон гэх мэт. Далайд гарцгүй манай орны хувьд МТ-ийн хөгжил нь орон зайг алгасах боломж гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэр орон зайг бид хэрхэн эзэгнэх вэ? МТ-ийн салбарын чухам аль чиглэлийг хөгжүүлэх ёстой вэ?

more

Т.Эрдэнэбат: Хүссэн ч, хүсээгүй ч шинэ зүйл сурч байхыг шаардаж байдаг.

Мэдээллийн технологийн "ОНЫ ХYН-2005" шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2005 оны 12-р сарын 25-нд тодорлоо. Оны шилдэг програм зохиогч ECM компанийн програм зохиогч Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

more