Мэдээллийн технологи бол бусад салбарын хөгжлийн хөшүүрэг
Дэлхийн улс орнууд мэдээллийн технологийг хөгжүүлэх урт, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжиж байна. Тухайлбал,
Малайзын "Мултимедиа Супер коридор", Японы "Э-Япон" гэх мэт. Далайд гарцгүй манай орны хувьд МТ-ийн хөгжил нь орон зайг алгасах боломж гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэр орон зайг бид хэрхэн эзэгнэх вэ? МТ-ийн салбарын чухам аль чиглэлийг хөгжүүлэх ёстой вэ? Энэ мэтчилэн олон сэдвийн хүрээнд програм хангамжийн "ЕСМ" компанийн захирал Ц.Отгонбаганатай ярилцлаа. "ЕСМ" нь Гаалийн мэдээллийн ГАМАС систем, Их сургуулийн систем, Хөрөнгийн биржийн систем боловсруулсан энэ салбарынхаа тэргүүлэх компаниудын нэг билээ.
- Сайн байна уу? Ажил ихтэй байгаа юм аа даа. Сүүлийн үед шинээр юу хийж байна?
- Хамгийн сүүлд нийгмийн даатгалын мэдээллийн систем боловсруулах төслийн ажлыг НД-ийн мэдээллийн төв болон "Нимм-Аудит" компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Одоо энэ системийг 21 аймаг, 9 дүүргийн НДХ-д ашиглаж байна. Өмнө нь ДОС-ын орчны програм ашигладаг байсан юм билээ. Мөн Их сургуулийн систем болон банкны системийнхээ шинэчилсэн хувилбарыг хийгээд дуусаж байна. Интранэтийн багц програм хангамж E-Office системийнхээ дараагийн хувилбарыг 11 сард багтаан гаргахаар ажиллаж байна. Шинэ ажил гэвэл бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн тендерт "MCS", "BSB", "Starsoft" компаниудтай өрсөлдөн шалгарч, гэрээгээ байгуулан, ажлаа эхлээд байна. Уг систем амжилттай хэрэгжсэнээр нийслэлд буй цахилгаан хэрэглэдэг бүх иргэд, аж ахуйн нэгж цахилгааныхаа тооцоог онлайнаар хийх боломж бүрдэх юм. Нийт 150 мянга орчим хэрэглэгчийн мэдээлэл бүхий том систем л дээ.
- Өмнө нь хийсэн програмуудынхаа шинэчилсэн хувилбарыг хийж дуусгаж байна гэж хэллээ ...?
- Гол нь болсон болоогүй баахан програмууд хийгээд л олон газар тараагаад байх бус, хийсэн програмуудаа цаг тухайд нь улам сайжруулж, шинэчилж байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл хийсэн бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжинд анхаарч цөөхөн ч гэсэн хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьж ажилладаг. Сайн бүтээгдэхүүн байна гэдэг хэрэглэгчээс хэрэглэгчид сурталчилагддаг давуу талтай. Энэ утгаараа шинэ ажлууд хийхээс гадна бэлэн бүтээгдэхүүнээ сайжруулах ажлыг ч давхар хийж байна. Хэрэглэгчдээ сонсож ажиллаж байгаа гэж ойлгож болно.
- Танайхыг монголын анхны аутсорсинг компанийн нэг гэдэг. Монголд энэ чиглэлийн компаниуд олширч байна. Тэдгээрээс танайхны ялгарах онцлог юу вэ? Мөн Япон дахь салбарын тань талаар сонирхмоор байна л даа?
- Манайх анх Монголд шинэ технологи нэвтрүүлэх, гадаад руу хандаж ажиллах гэсэн үндсэн хоёр зорилготой байгуулагдсан. Гэхдээ Японы болон гадаадын зах зээлээс ажил авч хийхээс илүү өөрсдөө тэр зах зээл рүү гарах ёстой гэсэн зорилгоо түрүүнд тавьж байна. Туршилтын журмаар Японоос бага сага ажил авч хийж үзсэн. Болмоор л юм билээ. Энэ салбарт ажиллагсад цөөхөн ч гэсэн Монголчууд маань оюуны өндөр потенциалтай хүмүүс. Тиймээс түүнд нь тохирсон бодлого, чиглэл барих ёстой. Олны хүчээр биш оюуны өндөр чадвараар хийх ажлыг сонгох хэрэгтэй гэсэн санаа л даа. Ирэх оны 4-р сараас арай түлхүү ажиллах зорилт тавьж Япон болон дэлхийн зах зээлд өөрийн брэндийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. Япон хүмүүсийн нэг айхтар онцлог байна л даа. Тэдэнтэй ажиллахын тулд удаан хугацааны харилцаа, хамтын ажиллагаа шаардагддаг. Шууд л гэрээ байгуулаад л хийгээд байна гэсэн ойлголд бол бараг байхгүйтэй адил. Одоо бид юутай ч ямар арга замаар, яаж ажиллах ёстой гэдгээ тодорхойлчихсон гэж хэлж болно.
- Японд болон Монголд бизнес эрхлэхэд ямар гол ялгаа байна вэ?
- Японд бизнес хийж байгаа гэх нь юу юм, судалгааны, туршилтын журмаар л зарим нэг ажил хийж байна. Гол нь суралцаж байна. Ялгаа бол мэдээж байгаа. Гэхдээ Япон учраас ялгаатай байх ёстой гэдэг талаас нь хармааргүй байна. Улсын хөгжил, бизнесийн орчны хувьд том ялгаатай ч монголчууд япончуудаас илүү гэдгийг олон салбарт нотлоод байна шүү дээ. Би нэг зүйл хэлэх үү? Саяхан Японоос ирсэн нэг судалгааны хүн: "... өмнө нь бид Монголчуудыг яаж сургах вэ гэдэг байсан бол одоо Япончуудынхаа чадварыг дээшлүүэх талаар бодох болчихоод байна" гэж байсан. Тэр компанид нь нилээд хэдэн монгол залуус овоо хэдэн жил ажиллаж байгаа юм билээ. Тэдгээр монголчууд хамт ажиллаж буй япончуудаа гүйцээд түрүүлчихсэн хэрэг л дээ.
- Ойлгомжтой. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай их ярьдаг. Энэ нь хүнсний болон ахуйн бүтээгдэхүүн дээр маш сайн хэрэгжиж байгаа. Харин програм хангамжийн тухайд өнөөг хүртэл монголчууд яагаад хэрэглэхгүй байна. Бүтээгдэхүүний чанарт байна уу, хэрэглэгчдийн сэтгэлгээнд байна уу, аль эсвэл огт өөр шалтгаан байна уу?
- Аливаа зүйл хоёр талтай. Гол нь тэр хоёр талын тэнцвэртэй байдал хэр хадгалагдаж байна вэ гэдэгт асуудлын гол оршдог. Хэрэглэгчдэд ч байгаа, биднээс ч их зүйл шалтгаалж байна. Нөгөө талаасаа програм хангамжийн бүтээгдэхүүн бол лангуун дээрээс барьж аваад л нэг үнэртээд, нэг имэрч үзээд авчихаж болдоггүйд л учир нь байгаа юм. Энэ салбарын бизнес ер нь хатуу талдаа л даа. Гэлээ гээд яахав бэрхшээл байна гээд хойшоо суух юмуу, гараад явчихалтай нь биш. Өөр юм чадахгүйдээ биш дуртай учраас зүтгэж л байна. Нөгөө талаасаа энэ салбарын бизнес бол их цэвэрхэн, оюунлаг гоё ажил шүү дээ. Яагаад гэвэл Мэдээллийн технологийн салбар бол бусад салбарын хөгжлийн хөшүүрэг нь болж өгдгөөр онцгой давуу талтай. Ийм ч учраас их ирээдүйтэй. Удахгүй бүх иргэд, ААН байгууллагууд, бусад салбарынхан маань хүссэн хүсээгүй манай бүтээгдэхүүнийг 100 хувь хэрэглэдэг болно гэсэн үг. Харин хэзээ вэ гэдэг л асуудлын гол нь. Хэн түрүүлж хэрэглэсэн нь, амьдралдаа бизнестэй зөв хэрэгжүүлсэн нь хожно, ашгийг нь хүртэнэ.
- Тэгээд одоо яагаад хэрэглэхгүй байна вэ?
- Өнөөдөр програм хангамжийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байгаагийн гол шалтгаан нь нэг хэсэг байгууллагын удирдлагууд - За нэг сайн хүүхэд аваад хийлгэчихнэ гэсэн бодолтой байсан. Тэгээд тэр нь сайн болохгүй хашраад ирэхээрээ мэргэжлийн компаниаар хийлгэх ёстой юм байна гэдгээ ойлгож эхэлж байна. Энэ нь сайн ч одоо яаж байна гэхээр биднээр хийлгэж авчихаад source буюу эх кодыг нь бид авна гээд авчихаж байгаа юм. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг л . Програм хангамжийн бүтээгдэхүүн бол байнга хөгжиж, сайжруулагдаж байх ёстой байдаг онцлогтой.
- Тендер авахад ямар хүндрэл байдаг вэ? Шударга байлгах арга зам, санаа танд юу байна?
- Манай салбарт тендер харьцангуй бага байдаг шиг. Эсвэл ил тод байдаггүй учраас бид анзаарахгүй байгаа юм уу бүү мэд. Бас нөгөө л МТ-ийн ач холбогдлыг сайн ойлгоогүйтэй холбоотой байх л даа. Ер нь урд өмнө нь амжилтгүй болсон төслүүд маш их байдаг юм билээ. Ялангуяа гадаадаас сая сая доллараар орж ирсэн тендэрүүд. Олон жишээ хэлж болох. Яагаад ч юм надад тендер гэдэг үг авилга гэж сонсогдоод, харагдаад байдаг юм. Миний санаагаар бол тендер зарлагдаад, тухайн ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд үр дүнгийнх нь мэдээлэл ил тод байвал зүгээр санагддаг. Өөрөөр хэлбэл хэрхэн гүйцэтгэсэн тэр мэдээлэл нээлттэй байвал элдэв янзын булхай, хүмүүсийн хар ч багасах юм.
- Өнөөдөр Монголд мэдээллийн технологийн бизнес эрхлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл нь юу байна?
- Цаг хугацаа их шаарддаг ажил. Угаасаа энэ салбар маань ч харьцангуй шинэ юм. Хүмүүсийн сэтгэхүй, хандлага хурдан өөрчлөгддөггүйтэй холбоотой. Програм хангамжийг хөгжүүлэхийн ач холбогдлыг их муу ойлгож байна. Өөрийн бэрхшээл ч байна, давуу тал ч байна. Би дээр хэлсэн бэрхшээл байна гээд байх биш асуудлыг бага ч гэсэн шийдээд л, шийдэхийн тулд бид өөрсдөө л явах. Энэ салбарын агентлаг байгуулагдсанаар нэлээд нааштай хандлагууд гарч байгаа. Дор хаяж л байгууллагууд вэбтэй болох талаар их боддог болж. Улмаар бид мэдээллийн системтэй болох ёстой, ингэснээр ажлын хяналт сайжирч, үр дүн дээшилдэг юм байна гэдгийг ойлгох цаг ойртож байна.
- Монгол програм хангамжийг хөгжүүлэхэд хувь хүн, албан байгууллага яах ёстой, мөн бодлогын чанартай юу хийх боломжууд байгаа вэ?
- Бидний ажлын төлөө бусад хүмүүс, байгууллагууд ч юу хийхэв дээ. Бид өөр өөрсдийнхөө ажлыг л сайн хийе. Харин бусад хүмүүс ажлаа сайн хийхэд, цагаа хэмнэхэд, зардлаа бууруулахад, хяналтаа сайжруулахад Мэдээллийн технологи, програм хангамж хэрэглэх нь туйлаас чухал юм гэдгийг л ойлгоод эхэлбэл. Нөгөө талаас Програм хангамжийн компаниуд хийсэн ажлаа унагахгүй байх ёстой. Манай салбарын томоохон бизнесмэн монгол програм бол бүтэхгүй, гадаадаас л авах хэрэгтэй гэсэн юм ярьсан байсан. Би энэ үгтэй бол санал нийлэхгүй. Яахав гадаадын систем зарим нэг шийдвэр гаргагч нарт унац нь ахиу байдаг байж магад. Одоохондоо гадаадынхны 50-60 хүн 20-30 жил хийсэн, хөгжүүлсэн програмтай Монголчуудын хийсэн програмыг шууд харьцуулах хэрэггүй шүү дээ. Харьцуулсан ч гэсэн нөгөө талаас нь харвал давуу талууд бас их бий. Үнийн хувьд хямд, захиалагч байгууллага хүссэн үедээ өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлүүлж болдог гээд. Удахгүй Монголд байгаа гадаадын системүүд дампуурах нь дампуураад, Монгол програм хангамжинд зайгаа тавьж өгөх нь тавьж өгнө. Монголд гадаадаас олон сая доллараар авсан мэдээллиин системүүд ажиллахгүй, эсвэл муу ажиллаж байхад монголчуудын хийсэн систем хамаагүй илүү, ойлгомжтой ажиллаж байгаа тохиолдол олон бий.
- Мэдээллийн технологийн компанид ажилд орсон залуус нэг их удалгүй гарч хувиараа компани байгуулж эхэлдэг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
- Хэн нэг ажилтан өргөдлөө бариад ороод ирэхэд эмзэглэхээ больчихсон байна лээ /инээв/. Энэ бол байх ёстой процесс ч манай Хөдөлмөрийн хууль жаахан асуудалтай. Хэн нэгэн өргөдлөө өгөөд удирдлага шийдэхгүй бол 20 хоногийн дараа хаяад явж болдог тийм заалттай. Компани энэ тохиолдолд ямар бодлого баримтлах вэ хэн нэгнээс аль болох бага хамаралтай болох. Өөрөөр хэлбэл тухайн програмын бүх бичиг баримтыг цаасан дээр буулгаад авч үлдэх. Ингэсэн тохиолдолд нэг ажилтан гарлаа ч тухайн бичиг баримтан дээр үндэслээд дараагийн ажилтан нь үргэлжүүлээд явдаг байх. Монголын МТ-ийн компаниуд энэ дээр л алддаг юм болов уу. Өнөөдөр цалингаа голоод залуус ажлаасаа гарч байна уу гэвэл бас үгүй юм шиг. Би төрийн байгууллагууд ажлаа хийлгэчихээд ажлаа хийлгэчихээд авдрыг нь хаячихдаг тухай дээр хэлсэн тэгвэл бас тухайн ажил хийсэн хүнийг маань урвуулаад аваад явчихдаг. Өөрөөр хэлбэл тэд хувиа л боддог байхгүй юу. Хүмүүсээ тогтвортой байлгахын тулд энэ жилээс бид жилд 2 ажилтныхаа орон сууцны асуудлыг шийдэж байгаа. Ойрын 5 жилдээ 10 хүнийг байртай болгоно. Магадгүй нөгөө 40000 орон сууц энэ тэр аятайхан шийдэгдвэл энэ тоог нэмж ч болох байх. Ингэснээр тогтвортой байдал хадгалагдана. Мэдээж орон сууцаа барьцаалж компанидаа уяж болохгүй. МТ-ийн инженерүүд ажилдаа уягдаад сурах боломж олддоггүй тиймээс суралцах тал дээр нь анхаарч байгаа. Эцийн дүндээ хүмүүс тогтвортой бол бүтээгдэхүүний чанар сайжирна гэсэн үг юм.
- Монголын МТ-ийн салбарын давуу болоод сул тал?
- Мэдээллийн технологийн салбар бол шинэ бөгөөд ирээдүйтэй, бүх салбарын хөгжлийн үндэс болдгоороо бол давуу талтай. Хоцрогдол бол бас заримдаа давуу тал болдог. Бид бусдын гаргасан алдааг давтахгүйгээр бусдын хөгжлийг амдаад очих боломжтойгоороо бас давуу талтай.
- Интернэт бол communication биш бизнес гэдэгтэй та санал нэгдэх үү?
- Хүн мөнгөө юунд төлдөг вэ гэхээрээ эрх ямбанд төлдөг юм байна л даа. Өрөөндөө суугаад сонингоо захиалж болж байвал түүнийхээ төлөө 500 төгрөг ч юм уу нэмж төлнө шүү дээ. Тэгэхээр интернэтийг ерөөсөө л хэрэглээ болгох тал руу нь их зүйл хийх хэрэгтэй байна. Хийгдэж байгаа нь ч их байна. Монгол контентууд, и-коммерсууд аль болох их болбол. Төрийн байгууллага дээр очоод хүнд сурталд нь бухамдаж байхын оронд гэрээсээ үйлчилгээ, лавлагаагаа авчихаад түүндээ тохирсон төлбөрийг нь төлдөг болчихвол хүмүүс дуртай л байх байх. Цэцэрлэгт хүүхдээ өдрийг хэрхэн өнгөрөөж байгааг, сургуульд сурдаг хүүхэд нь ямар сурч байгааг, гэрээсээ өрөөнөөсөө харчихдаг байвал зүгээр л биз дээ.
- Асуухгүй байж боломгүй нэг зүйл байна. МТҮП үйл ажиллагааны статусаа өөрчилж, зөвхөн аутсорсинг хийх зорилго, төлөвлөгөөтэй компаниудыг инкубатортоо авч, дэмжиж байгаа тухай...?
- МТ-ийн парк байгуулагдсан нь үнэхээр сайн хэрэг. Бусад салбарынханд ч гэсэн жишиг болж өгсөн байх. Манай компани ч ашиг шимийг нь хүртсэн. Гэхдээ зөвхөн гадаад руу аутсоринг хийх компаниудыг дэмжинэ гэдэг нь учир дутагдалтай санагдаад байгаа. Зүгээр нэг чиглэл нь бол байж болох юм. Эхлээд бид програмын үйлдвэрлэл, ажлын арга барил, менежментийг тодорхой түвшинд эзэмшсэн байх хэрэгтэй. Дотооддоо хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Тэгж байж гадаад руу гарах. Өөрөөр хэлбэл бүгд гадагшаа аутсорсинг хийхэд бэлэн үү гэвэл бас үгүй л байх. Би аутсорсинг хийхийг эсэргүүцээд байгаа хэрэг биш л дээ. Гол нь гадаадынханд, ялангуяа Япончуудад "Монголчууд ажлаа муу хийдэг" гэсэн ойлголт л битгий төрүүлээсэй. Ингэхгүйн тулд дотооддоо байгаа ажлаа сайн хийж, өөрсдийгөө өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй санагддаг.
Салбарынхаа талаар ний нуугүй ярилцаж, үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа.
Алтангадас /2007.1.19/

