Ц.ОТГОНБАГАНА: ECM бол E-Commerce Mongolia гэсэн утгатай.
ECM бол монголд үйл ажиллагаа явуулж байгаа програм хангамжийн салбарын цөөхөн компаниудын нэг юм. Тэднийх цэвэр програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарт ажилладгаараа онцлог бөгөөд 2001 онд байгуулагдсанаас хойш нилээд олон ажлуудыг амжуулжээ. Тэр тусмаа улсын хэмжээний томоохон системүүдийг бүтээсэн нь уншигч таны анхаарлыг татна гэж найдаж байна.
Ц.Отгонбагана бол энэ компанийг 2004 оноос эхлэн удирдаж байгаа бөгөөд монголын програм хангамжийн салбарт тасралтгүй ажиллаж өнөөдрийг хүрсний хувьд та бидэнд хэрэгтэй олон мэдээллийг өгөх болно. Та энэ эрхэмтэй хийсэн илэн далангүй ярилцлагыг анхааралтай уншаарай.
- Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу.
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, тахиа жилтэй. Эхнэр, 4-н хүүхэдтэй өнөр өтгөн айл манайх. Ханьтайгаа анх оюутан байхдаа л танилцаж 1994 онд хуримаа хийсэн, одоо манай компанийн офис менежер хийдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ ч, ажлын ч арыг маань хариуцаж явдаг юм.
Уг нь бол би Математикийн багш мэргэжилтэй, Миний анх төгссөн сургууль бол Ховд дахь УБДС. Сүүлд Удирдлагын академи төгссөн. Гэхдээ мэдээллийн технологийн хүн болсон түүх гэвэл бас сонин. Би багын л тоонд их дуртай хүүхэд байлаа. 10-р ангиа Алтай хотын 1-р сургуулийг дүүргэсэн, төгсөөд МУИС-ийн Математикийн ангид л орно гэсэн чин хүсэлтэй байлаа. Яг тэр жилээс Ховдын Багшийн дээд урьдчилсан конкурс авдаг болсон, бас тэр жил МУИС-ийн Математикийн хуваарь байхгүй болсон гээд Ховдын багшийн Сургуульд орж байсан түүхтэй. Хавар 4 сард сургуулийнхаа хуваарийг авчихсан байсан тул конкурсийн үеэр “хийх ажилгүй” байсан даа.
Уул нь багш болох учиртай байсан боловч нэг ч удаа багшлах дадлага хийж байгаагүй 3-р курсээсээ эхлэн Мэдээлэл Зүйн хичээлд дурлах болж энэ талаар гүнзгийрүүлэн судалж, сонирхох болсон. Мэдээлэл зүйн улсын олимпиадад 3 жил дараалан амжилттай оролцсон, тэр үед манай багийнхан КтМС, МИУС-ийнхантай эн тэнцүүхэн өрсөлддөг байсан. Багаараа 1 удаа түрүүлж байсан даа. Багшийн сургуулиа 1992 онд төгсөөд сургуульдаа 1 жил ажилласан.
- Ховдын багш тэгээд яаж яваад хотын хүн болсон бэ ?
1992 оны хавар Улс Төрийн Боловсолын Академи гэж байгуулагдаад анхны элсэлтээ авахаар Ховд аймагт хүмүүс ирж сургалт семинар хийгээд дараа нь шалгалт авч байсан. Би санамсаргүй байдлаар уг семинарт хамрагдан шалгалт өгсөн юм. Тэгсэн намар нь намайг тэнцсэн болохыг дуулгаад хотод ирж суралцах урилга өгсөн. Ингээд л хотод ирж Улс Төрийн Боловсролын Академид 3-н сар сурсан юм. Тэнд суралцаж байхдаа Хөрөнгийн Биржэд ажилладаг залуучуудтай танилцаж улмаар найз нөхөд болон 1993 онд Хөрөнгийн биржэд програмистаар ажилд орж байлаа. Ингэж математикийн багш маань програмист болох замдаа орсон. Хөрөнгийн биржид 2001 он хүртэл туслах програмист, ахлах програмистаар ажиллаж байгаад сүүлд нь техник програм хангамжийн алба гэж бий болоход намайг захирлаар тавьж байсан.
2001 онд Хөрөнгийн биржээс гарч тэр үеийн Бодькомпьютер компанийн захирал С.Нацагдорж, Оргилтех компанийн захирал Г.Зориг гэсэн хүмүүстэй хамтран энэ компаниа байгуулсанаас хойш 8 жил болж байх шив дээ.
- 1993 онд Хөрөнгий биржэд орж байх үед ямар технологиуд ашигладаг байсан бэ?
- Багшийн дээдийн 4-р курсэд байхдаа тухайн үед Үндэсний Хөгжлийн газарт ахлах програмист байсан Болд гэж хүнээр Dbase, Clipper гэсэн хэлүүдийг заалгаж, дадлага хийдэг байсан юм. Тэр газрын захирлаар нь одоогийн Ногоон намын дарга Д.Энхбат, орлогч даргаар нь С.Нацагдорж захирал ажилладаг байлаа. Харин Болд ах одоо Худалдаа Хөгжлийн банкинд ажиллаж байгаа байх миний програмчлалын анхны багш учир би их хүндэтгэлтэй ханддаг.
Тэгээд л Хөрөнгийн Биржэд ороод Clipper дээр програм бичиж эхэлсэн, дотоод сүлжээ нь Novell байсан, орон нутгийн БДК-иудтайгаа модемоор холбогддог байсан. Хөрөнгийн биржийн анхны програм DOS-ын орчны програм байсан бөгөөд Alica гэдэг компани хийсэн юм. 2000 оны проблемыг шийдэхийн тулд Windows-ийн орчны хувилбарыг нь шинээр хийсэн. Тэр үед уг систем дээр голлон ажиллаж байсан С.Буянхүү, Т.Эрдэнэбат гэдэг залуучууд одоо хүртэл манай компанид хамтран ажиллаж байгаа.
- Хөрөнгийн биржийн тэр програм нь ямар нэртэй вэ?
- Тэр үед одооных шиг айхавтар нэр ус өгдөггүй байжээ. Үнэт цаасны бүртгэл, арилжаа, төлбөр тооцооны гэсэн 3 дэд системтэй 10-аад програмтай иж бүрэн систем байсан.
- 2 хувь нийлүүлэгчтэй хамтарч байсан түүхээсээ сонирхуулна уу?
- Хөрөнгийн биржийн тэр програм бол Монголдоо л анхны Windows-ийн орчны програмуудын нэг байсан. Уг програмуудыг одоо болтол ашиглаж байгаа. Анх боловсруулахад Оргилтех, Бодькомпьютер компаниуд хамтран гэрээгээр гүйцэтгэж байсан юм. Тиймээс энэ төсөл дээр Зоригоо, Нацагаа захирал бид 3 хамтран гар нийлэн ажиллаж тэр үеэс бие биенээ мэддэг болсон. Төслөө 1999 онд амжилттай дуусгасан. Тэгээд 2001 оны эхнээс софтвэрийн компани байгуулах ажилдаа орсон доо, анх туршлагатай 3 програмист 3 захиралтай ажлаа эхэлж, удалгүй арван хэдүүлээ болсон доо. 
- ECM байгуулагдах болсон шалтгаан юу вэ?
- Тухайн үеийн IT-ийн компаниудын програм хангамжийн салбар нь дандаа хавсарга байдлаар байсан юм. Тухайлбал тэр үед Бодь нилээд хүчирхэг байсан гэхэд програм хангамжийн хэлтэс нь дайвар маягтай, харин үндсэн үйл ажиллагаа нь компьютер тоног төхөөрөмж оруулж ирж зарах явдал байлаа. Харин Интерактив л програм хангамжийн чиглэлээр дагнан нилээд амжилттай ажиллаж байсан байх. Бид Хөрөнгийн биржийн програм дээр ч зарим талаар хамтарч ажиллаж байсан болохоор тод санаж байна.
Тэгээд бид хэд ярилцаж байгаад энэ хавсарга маягтай байгаа салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулъя, зөвхөн програм үйлдвэрлэдэг компани байгуулах нь зүйтэй гэж шийдэж байсан юм.
- Үүнээс хойш дан програм хийсэн гэж үү?
- Тийм ээ, бид байгуулагдсанаасаа хойш зөвхөн програм хангамж боловсруулах ажил хийж ирлээ. Гэхдээ харилцагчдынхаа хүсэлтээр зарим нэг техник хэрэгсэл нийлүүлэх, мэдээллийн технологийн зөвлөгөө өгөх, хамтарч төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Бидний нэг баримталдаг зарчим бол бусадтай чаддаг, чаддагаараа хамтран ажиллаж амжилтанд хүрэх явдал гэж үздэг.
- Компани байгуулахад шалтгаан хэрэгтэй. Та нарт тухайн үед том ажил олдсоны улмаас компаниа байгуулав уу, эсвэл салбарыг хөгжүүлье гэсэн чин хүсэл байв уу?
- Энэ салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн чадах хувь нэмрээ оруулъя гэсэн чин хүсэл байсан. Миний хувьд бол нэг их цараатай харж байсан гэж хэлэхгүй ээ. Харин нөгөө хоёр маань алсын ирээдүйг сайн харж байсан. Бид үнэхээр энэ салбарыг ирээдүйтэй гэж тооцон хөгжүүлье гэдэг үүднээс компаниа байгуулсан. Их зүйл бодож, төлөвлөж байгуулж байсан. Жишээ нь яагаад компаниа ECM гэж өгсөн гээч. ECM – E-Commerce Mongolia буюу Электрон худалдаа арилжаа, онлайн бизнесийг Монголд шинэ байдлаар эхлүүлье гэсэн зорилго агуулж байсан. 8 жилийн дараа харахад өнөөдөр электрон худалдаа хийх хэвшил тогтоогүй л байна. Тэр үед компаниа байгуулж байхад e-commerce манайд үнэхээр хол байгаа нь харагдаж байсан. Яагаад гэхээр хамгийн гол нь e-commerce-ийг дэмжих банкны систем, хууль эрх зүйн орчин огт байгаагүй гэж хэлж болохоор байсан, одоо ч электрон гарын үсэг гэх мэтийг зохицуулсан хууль хараахан гараагүй л байна. Азтай тохиолдлоор ч гэх үү тухайн үед Голомт банкны системд асуудал гарч, шинэ систем нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарсан юм. Ингээд бид анхны том захилгаа Голомт банкнаас авч байлаа. Анхныхаа ажлаар нь банкны систем бичдэг бас л том ажил авсан байгаа биз.
- Ямар систем байсан бэ?
- Glaxy гэдэг нэртэй. Теллерийн, Хадгаламжийн, Зээлийн, тайлан судалгааны гээд л нилээд олон програмуудаас бүрдсэн систем. Голомт банкны мэргэжилтэнгүүдтэй хамтарч босгож байсан. Анхны ажил болохоор алдаа оноо ч нилээд байсан байх. Тэгээд ч системийн иж бүрэн шинжилгээ хийх, бичиг баримтыг бүрдүүлэх цаг хугацаа ч, мөнгө санхүү ч бага, дадлага туршлага ч нимгэн байсан дөө. Гэхдээ л өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа.
- Ямар ч компани байгуулагдаад эхний жилүүдэд хүнд байдаг. Тэр тусмаа хөл дээрээ зогсохын тулд нилээд их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр ECM-ийн хувьд анхны том орлогоо Голомт банкны төслөөс олсон гэж ойлгож болох уу?
- Тийм ээ, тухайн үед нийлсэн хүмүүс маань компани байгуулж байна гээд хармаа, хармаанаасаа шууд сая саяар нь тоолоод гаргачих боломжтой байгаагүй юм. Угаасаа бидэнд мөнгө байгаа ч үгүй дээ. Гурван мөнгөгүй хүн.. (инээв) харин Бодь Компьютер компаниас интернэт кафед ашиглаж байсан нарийн урт ширээнүүд, ганц нэг компьютер, номнууд Оргилтех-ээс хэдэн компьютер аваад л үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өөрөөр хэлбэл компанид оруулж байгаа хөрөнгө оруулалт л даа. Ингээд бидний ажлын байр бараг л бэлэн болчихож байгаа юм. Ширээ байна, компьютер байна тэгээд байр түрээслээд л суусан. Ер нь програм хангамжийн салбар чинь уг нь үйлдвэрийн газрууд шиг шиг том том тоног төхөөрөмж авах шаардлагагүй шүү дээ.
- Боловсон хүчний хувьд?
- Хөрөнгийн биржид цуг ажиллаж байсан 2 залуу, дээр хэлдэг, Оргилтехд ажиллаж байсан 1 програмист, тэгээд КтМС-ийн төгсөх курсын хэдэн залуус аваад л эхэлсэн. Тэгээд дөнгөж байгуулагдсаны дараа нэгэн зэрэг 3-н том систем авч байсныг дурдах хэрэгтэй. Тухайн үедээ үнэтэй мэт санагдаж байсан боловч одоо бодоход үнэхээр бага мөнгөөр хийж байжээ. Зөвхөн ганц хоёр програм биш 3-4 дэд систем, арав хорин хэдэн програмуудаас бүрдсэн системүүд гэж бодоход их бага үнэлгээтэй байж дээ. Гэхдээ хийж чадсан даа, бахархдаг даа, ялангуяа залуусаараа
- Үнэхээр сайн систем гаргая гэж бодвол тэр хэмжээгээр үнэлгээ сайтай байх ёстой. Бид банкны системээс гадна Гаалийн систем хүмүүс ГАМАС гэдгээр нь мэдэх болсон, Их Сургуулийн систем гээд нэгэн зэрэг 3-н системийг зэрэг босгож эхэлсэн юм. Гаалийн систем гэхэд л бид тендерт орж авч байлаа. Тухайн үед Гаалийн тендер дээр хамгийн том өрсөлдөгч гэвэл BSB байсан санагддаг. Гаалийн системийг 50 сая төгрөгөөр хийнэ гээд орж авч байлаа ш дээ. Гаалийн бүх газар хороодод ашиглаж байгаа. Олон улсад ч магтагдаж байна гээд л удирдлагууд нь ярилцлага өгсөн байсан, өнгөрсөн жилийн шилдэг програм хангамж хэрэглэгч байгууллагаар ГЕГ шалгарсан.
- Уг системийг хичнээн хүн хэдий хугацаанд хийсэн бэ?
- Гаалийн системийг гэхэд л 2-3 жил бүтэн зарцуулсан.
- 3 жилийн оюуны хөдөлмөр гэхэд 50 сая төгрөг бага л байна даа. Үнэлгээг нь өндөр тогтоож болохгүй юу?
- Тийм ээ, Программ хангамж бол оюуны бизнесийн сонгодог загвар. Тиймээс хүний оюун ухаанд байдаг тайлагдашгүй их нөөц, хүчин чадал программ хангамжийн бизнест нуугдаж байдаг. Түүнийг шаардлагатай үед, зөв газар нээж чадвал асар их баялаг болох учиртай. Энэ утгаар уг бизнесийг ойлгож хүлээн авч, ажил хэрэг болгох орчин хамгийн чухал. Тухайн үед манай дээд шийдвэр гаргадаг нөхөд чинь “Монголчууд програм бичиж чадахгүй” гэж үздэг байсан. Тэр байтугай 2-3 жилийн өмнө манай IT-ийн томоохон компанийн захирал “Монгол хүмүүс програм бичих болоогүй, чадахгүй ээ, тэрэнд орвол гадаадын бэлэн систем оруулж ирсэн нь амар” гэж хэлсэн байхыг олж уншаад маш их гайхсан шүү. Тиймээс бид дөнгөж байгуулагдаад байсан ч гэсэн ашиг орлогыг 2-рт тавьж хамгийн гол нь Монголчууд өөрсдөө томоохон системийг бүтээж чадна гэдгийг харуулахыг зорьсон юм.
Гэтэл гадаадаас маш өндөр үнэтэй систем болохоор худалдаад л авдаг байсан. Жишээ нь Гаалийнхан уг тендерийг зарлахаас өмнө Asycuda хэмээх гаднын системийг ашигладаг байсан. Гэтэл уг системийн дараагийн хувилбарыг худалдаж авах тухай яриа өрнөж байлаа. Тэр нь ямар үнэтэй байсан гээч 1 сая доллар хавьцаа л яригдаж байсан .
- Системээ хэрхэн хийсэн талаар сонирхуулаач?
- 2001 онд хийж эхлээд 2003 онд ашиглалтад оруулсан. Одоо ч гэсэн амжилттай ажиллаж байгаа. Гэхдээ явцад нь үргэлжлүүлээд нилээд хэдэн програмуудыг нэмж хийсэн. Хамгийн сүүлд нь E-Customs гээд онлайнаар гаалийн мэдүүлгээ бүрдүүлдэг програмын эхлэлийг тавиад л гаальд хүлээлгэн өгсөн. Одоо ч гэсэн зарим хүмүүс ГАМАС-ыг шүүмжилдэг, гадаадын төсөл хэрэгжүүлж эхэлж ч байгаа гэсэн байх аа. Юмыг шүүмжлэх болих амархан харин босгож бүтээх нь тийм ч амаргүй л дээ. Мэдээж энэ системд нэмж хийх, сайжруулах ажил бол их л байсан. Гэхдээ л Монголчууд нийлээд ч болтугай хийчихэж болох ажлыг Гадаадынханы хөнгөлөлт тусламж нэрээр гадныханд өгч байгааг би буруу л гэж үзнэ. Ер нь ч гадны хөнгөлөлт зээл тусламж энэ тэр чинь гадны өндөр цалин хангамжтай хэдэн мэргэжилтний “зардал” болоод ихэнх нь буцаад гарчихдаг биз дээ.
Үнэнийг хэлэхэд сүүлийн арван хэдэн жилд Монголын программчлалын олон компанийг олон улсын түвшинд хүргэчих хэмжээний олон сая долларын өртөг бүхий мэдээллийн систем байгуулах төслийг гадаадын нэр хүндтэй компаниар хийлгэх нэрээр үр дүнгүй цацлаа. Цаашдаа ч энэ хандлага үргэлжлэх шинжтэй.
- Системүүдийг дан өөрсдийн хүчээр бүтээсэн үү?
- Тэгсэн тэгсэн. Цэвэр өөрсдийн хүчээр хийсэн. Нэг ч гадаадын зөвлөх, гаднын мэргэжилтэн хөлслөөгүй.
- Гадныхны тусламжгүйгээр, гадаадын бэлэн системийг ашиглахгүйгээр энэ салбар хөгжих боломжгүй юм биш үү ?
- Тийм биш л дээ. Мэдээж манай салбарынхны чадах юм гэж байна, чадахгүй ч юм байгаа. Тэгэхлээр юун дээр дэмжлэг тусламж авах, юуг нь гаднаас оруулж ирэх үү гэдэг дээр явуулж байгаа бодлого алга. Зөвхөн манай салбарт ч биш ер нь гадныхныг хэт шүтэх байдал байгаад байгаа. Үнэхээр бид сүүлийн үеийн технологи бүхий техник тоног төхөөрөмж үйлдвэрлэж чадахгүй байна тийм үү. Тэгвэл энийг оруулж ирэх авах нь зайлшгүй. Гэхдээ зөв сонголтын асуудал байж л таарна. Харин програм хангамжийн хувьд бол бэлэн систем гэхээсээ системийн шинжилгээ, дизайн гаргах, системийн бичиг баримт гаргах, тухайн системийн хэрэгцээ шаардлагыг, ажиллах зарчмыг нарийн гаргахад л, мэдээллийн системийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлын шийдэл дээр л туслалцаа, дэмжлэг авах хэрэгтэй гэж боддог. Кодыг бол аль ч компани биччихнэ ш дээ. Тодруулбал 1 сая долларын програм гаднаас авах биш 100, 200 мянгаар нь дээрх чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулаад, 300-аар нь дотоодын компаниараа хийлгэчих лдээ гэсэн үг. Ингэхэд 1-т зардлаа 50 хувь хэмнэж, дотоодын компаниуд маань өсөж томрохоос гадна дээрх ажлуудад туршлагатай болно оо доо.
Гэтэл манай Засгийн газрын байгууллагууд мэдээллийн том систем байгуулах асуудлыг гадаадын компаниудтай л ярилцаад, бидэнд бага ч атугай захиалга өгөхгүй байгаа нь нууц биш юм. Энэ нь дотоодын мэргэжилтнүүдээ үнэлэхгүй байгаагийн жишээ гэж хэлж болно. Тэглээ гээд бид дээшээ хараад зүгээр суугаад байгаа юм алга. Чадах чинээгээрээ зүтгэж л байна даа.
- Уншигчид маань том систем гэхээр сайн ойлгохгүй байж болох юм. Яг үнэндээ би ч гэсэн систем гэхээр ямаршуухан цар хүрээтэй талаар мэдэхгүй л байна. Та системүүдээ энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар дүрсэлж ярина уу? Тухайлбал тоо баримт дурдвал их сайн байна.
- Гаалийн систем хийсэн гэхээр л зарим хүмүүс зарим нэг програмыг нь юмуу багахан хэсгийг нь хийхэд оролцсон байх гэж боддог. Үгүй л дээ. Хэд хэдэн дэд систем 10-20 гаруй дэд програмууд бүхий, тэдгээр нь харилцан уялдаатай ажилладаг, мэдээллийн нэгдсэн нэг баазтай, тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, салбар нэгжүүдийг хамарч чадсан бүтэц бүхий програм хангамжуудын цогц нийлбэрийг л бид том систем гээд байгаа юм. Зарим тоонуудыг мартсан байна. Нөгөө талаасаа жишээ нь хотын гаалиар гэхэд Монгол улсын импортын барааны 80% нь орж ирдэг. ГАМАС системээр тооцож татан төвлөрүүлж байгаа татвар гэхэд л тухайн үеийн улсын төсөвийн 20-30 хувийг бүрдүүлдэг байсан, Голомт гэхэд л тухайн үед хамгийн том 3-н банкны нэг л байсан шүү дээ. Одоо гэхэд Голомт 30 гаруй онлайн салбартай, харилцагч хадгаламж эзэмшигчдийн тоо гэхэд хэдэн арван мянгаар яригдана.
- Захиалагч байгууллага маань өөрөө IT-ийн мэдлэг хэр байх вэ?
- Монголд бас түгээмэл байдаг нэг асуудал бол Захиалагч байгууллагууд өөрсдийн хийлгэх ажлынхаа захиалга, мэдээллийн системийнхээ хэрэгцээ шаардлагаа бүрэн дүүрэн ойлгомжтой байдлаар тодорхойлон гаргаж өгч чаддаггүй. Тухайн мэдээллийн системийг хийхийн тулд манай голлох програмистууд тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн хэмжээнд мэдэж, судалж байж хийх болдог. Дээрээс нь аливаа зарлагдаж байгаа тендер, ажлын захиалгад шинээр хийх системийг судлан шинжлэх, төслийн бичиг баримт боловсруулах хугацаа, үнэлгээ байдаггүй. Тийм ажил эхэлж зайлшгүй хийгдэх ёстой гэдгийг сайн ойлгодоггүй ойлгох нэг нь гүйцэтгэгч компани л гаргах үүрэгтэй байдаг гэх талууд бий. Энэнээс үүдээс аливаа системийг боловсруулах хугацаа алдах, хийгдсэн систем нь уичр дутагдалтай болох эсвэл системээ нэгэнт босгоод тестэнд өгсөний дараа бараг 40-50 хувь өөрчлөх зэрэг асуудлууд гардаг. Мэдээллийн систем бол ялангуяа нарийн мэргжлийн салбарын хувьд тухайн захиалагч байгууллага, гүйцэтгэгч компанийн хоёрын нягт хамтын ажиллагааны үр дүнд бий болдог хамтын бүтээл байх ёстой.
- 3 дахь системийн талаар товчхон ярьж өгвөл уншигчдад сонин байж болох юм?
- Тийм ээ, 3 дахь систем ч гэсэн хөөрхөн түүхтэй. Энэ бол Их Сургуулийн систем юм. Тухайн үед ТИС-ийн ректор нь Бадарч багш байсан. Тэднийх манайхыг байгуулагдахаас 2 жилийн өмнөөс эхлэн сургууль дээрээ тусгай системтэй болох ёстой гэж үзээд КтМС-ийн багш нараар хийлгэж эхэлсэн юм билээ. Тэр нь 2 жил болоход бүрэн дуусаагүйн шалтгааныг судлаад үзсэн чинь багш нарт даалгасан нь буруу болсныг ойлгосон гэдэг. Багш нар хичнээн ур чадвартай байгаад багшлангаа програм боловсруулах нь хугацаа их шаардагдана л даа. (Тэр үеийн багш нар гэдэг нь одоогийн Старсофт компани) Иймээс яалт ч үгүй мэргэжлийн дагнасан компанид даалгах нь зүйтэй гэж шийдсэн юм билээ. Тэр систем нь сүүлд зах зээлд гаран нилээд хэд хэдэн сургуульд нэвтрүүлсэн сайн систем бий.
- Танай системийн гол үүрэг нь юу байх вэ?
- Цөөн үгээр хэлэх юм бол оюутаныг анх сургуульд элсэхэд нь мэдээллийн системдээ бүртгэж авахаас эхлээд ба төгсөхөд нь дипломын хавсралтыг нь програмаас хэвлэж өгөх хүртэлх бүх явцыг бүртгэх, автоматжуулсан систем. Тэгэхээр бараг л байхгүй юмгүй систем байгаа биз дээ. (инээв.) Тэрнээс өмнө бол бүх зүйлийг гараар хийдэг байсан. Өнөөдөр ч гэсэн гараар явж байгаа сургууль алийг тэр гэхэв. Сургалтын албаны , Оюутан, багш, хичээлийн стандарт, дүн, санхүү, сургалтын төлбөр гэх мэт 20-оод жижиг програмуудаас бүрддэг.
- Систем ямар нэртэй вэ?
- Unimis гэдэг нэртэй – Universities Management Information System гэсэн үг л дээ. ШУТИС нь 17 бүрэлдэхүүн сургуультай бөгөөд хамгийн сүүлд КтМС дээр суурилуулсан даа. Харин өнөөдөр бол нилээд олон сургуульд хэрэгжүүлж байгаа. Шинээр нэг сургуульд нэвтрүүлэхэд жил, жил хагас болдог. Яагаад гэвэл тухайн сургууль шинэ систем нэвтрүүллээ гэхэд оюутанаа бүртгэхээс эхлээд л явагддаг бөгөөд энэ бүхэнд бид хамт байж сургалт, заавраар хангах үүрэгтэй байдаг юм. Ингээд хавар нь оюутан төгсөхөд Дипломын хавсралтыг нь хэвлэж, статистик, тайлангуудаа гаргаснаар бүрэн хэрэгждэг гэж ойлгох хэрэгтэй. Намар бүгдийг хүлээж авчихаад бүгд болчихлоо гэх ямар ч арга байхгүй.
БОЛОВСОН ХҮЧИН
- Манай салбарын хамгийн том проблем буюу шүдний өвчин бол энэ л болоод байна. Олдоц муутайгаас гадна чанар үнэхээр муу байна. Тоо ярих юм бол энэ салбарын мэргэжлээр төгсөж байгаа хүн олон байгаа боловч яг ирж байгаа боловсон хүчний нилээд хувь нь хагас боловсруулагдсан бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал бид 20 гаруй анкет хүлээж авлаа гэхэд дөнгөж 2-3 хүнийг л авах боломжтой байдаг. Уг 2-3 хүн нь суралцаад ажиллаад явах боломжтой гэсэн үг.
- Бусад 17-18 хүн нь шаардлага хангахгүй гэсэн үг үү? Сургаад ч нэмэргүй юу?
- Тэднийг сургаад авна гэхэд нилээд зардал, цаг хугацаа орхо байх л даа. Авсан хүмүүсээ ч гэсэн бид тодорхой хугацаанд дадлагажуулах, сургах байдлаар ажил өгдөг.
- Ажил байгаа тохиолдолд тэр 17 хүнийг үнэхээр ажилд авах боломжгүй гэж үү?
- Бидний хувьд ажил хангалттай их байна аа, хийх нь л чухал болохоос. Манай компани тэгтлээ их ажил хайгаад явах шаардлагагүй байдаг. Гэвч тэдгээр хүмүүсийг сургаж байх хугацаа, бүтэц одоохондоо манай компанид байхгүй л дээ. Ер нь цаашдаа бол өөрсдөө сургаад авдаг байх чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажлууд бол бий. Гэхдээ арай өвөрмөц байдлаар шийдэхээр. Ажлын байрны тухайд мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй чадвартай хүмүүсийн хувьд бол манай хаалга үргэлж нээлттэй байх болно. Хэзээч манай компанид хандаж болно шүү гэдгийг ажил сонирхож байгаа залуучууддаа хэлэе дээ
- Тэр хүмүүс өөрсдийнхөө муугаас болж байна уу? эсвэл сургуулийн муугаас болж байна уу?
- Ер нь бол аль нэг зүйлээс 100 хувь хамаардаг гэж байхгүй лдээ. Гээндээ ч бий гоондоо бий л байх. Гэхдээ ер манай сургалтын систем нь тааруу болоод ихэнх сургуулиуд үнэхээр муу сургаж байгаа. Энэ бол үнэн. Нөгөө талаасаа сургуульд багшлах боловсон хүчин дутагдалтай болоод бусад бэрхшээлүүд байгаа л байх. Мөн сургуулиуд болон компаниуд энэ тал дээр хамтран ажиллах, харилцаа холбоо маш сул байна. Тааруу сургуульд сурч байгаа ч гэсэн багын логик сэтгэлгээ сайтай, бие даан суралцах, ажиллах чадвартай сайн хүүхдүүд ч байна л даа.
- Тэгвэл танайх ямар нэгэн сургуультай харилцаатай юу?
- Манай компанийн хувьд 2004 онд гадаадын зах зээлд гарах зорилгоор ECM-JAPAN компаниа байгуулсан. Тэнд одоо японд докторын зэрэг хамгаалсан 2 доктор, 1 магистр, 3 докторантур ажиллаж байна. Японы Иватегийн их сургуультай хамтарч ажиллаж байгаа. Ноднигоос эхлэн жил бүр 2-3 хүнийг докторантурт элсүүлж суралцуулж байгаа. Ирэх 4 сард бас явна. Цаашдаа зөвхөн мэдээллийн технологийн чиглэлээр биш бусад инженерийн чиглэлээр ч докторантурт суралцуулна. Энэ нэг талаас бид өөрсдийн ажиллах боловсон хүчнээ бэлтгэ байгаа хэрэг л дээ. Дотоодын Ганц нэг их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн оюутнуудыг дадлага хийлгэж байгаад тэндээсээ шигшиж авах аргыг ч хэрэглэдэг.
- Дадлага хийж байгаа хүнээрээ бодитой систем хийлгэх үү? Эсвэл хийсвэр програм хийлгэдэг юм уу?
- Дадлага ч бай, шинээр ажилд орж байгаа ч бай, туршлага муутай хүнээр бодит захиалга дээр бараг ажиллуулдаггүй дээ. Тэгэхээр эхний ээлжинд туршлага суулгах үүднээс бага сага ажлуудыг туршилтын журмаар хийлгэдэг юм. Гэхдээ зарим нь хэрэглээнд орчих тохиолдол ч байна. Өөрөөр хэлбэл шинэ ажилтнй хувьд 6 сараас 1 жилийн хугацаанд дадлагажих, суралцах үйл ажиллагаа явагддаг гэсэн үг.
- Танай компани Японы программ хангамжийн зах зээлийг сонгосны учир юу вэ?
- Програм хангамжийн хувьд Япон бол дэлхийд Америкийн дараа ордог хоёр дахь том зах зээл. Японы програм хангамжийн зах зээлд Энэтхэг, Солонгос, Хятадаас 10-20 дахин их мөнгө эргэлдэж байна. Мөн програмчлалын бизнесийн өрсөлдөөн Америкаас олон дахин бага, Японд сүүлийн үед энэ салбарт хүн хүч дутагдалтай болох болсон. Мөн. Япон хүмүүсийн сэтгэлгээ, бизнесийн ажиллагаа нь урт удаан хугацаанд үргэлжлэхээр харилцаа тогтоодог нь бидэнд тогтмол, тууштай бизнес хийх итгэл төрүүлдэг. Монголчуудад хамгийн их дутагддаг чанар болох аливаа зүйлийг тууштай, эцсийг хүртэл, дээд зэргийн чанартай хийх нь Япон хүний бусад үндэстнээс ялгагдах онцлог. Бид ийм чанарт суралцсанаар цаашид дэлхийн том зах зээлд гарахад томоохон хичээл болно гэж тооцоолон Японыг сонгосон юм.
ЦАЛИН ХӨЛС
- Програмистууд маш өндөр цалин хөлс авдаг гэсэн ойлголт нийгэмд байна. Танайх үнэхээр хамгийн өндөр цалинг өгдөг үү?
- Манайх л лав тийм өндөр байж чадахгүй байгаа гэдгийг нуулгүй хэлье. Дундажаас арай дээгүүр л болов уу. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Уул нь бид өндөр цалин хөлс, хангамж өгөх хүсэл, сонирхол байлгүй яахав. Өнөөдөр Монголд оюуны бүтээгдэхүүнийг үнэлэх үнэлэмж хэр билээ. Бидний гол зардал бол цалин байдаг. Хэрвээ өндөр цалин өгөөд эхэлбэл бүтээгдэхүүн маань үнэтэй гарна. Үнэтэй бүтээгдэхүүнд тэр хэмжээгээр захиалга өгөх үү, гэдэг асуудал байна. Манай тохиолдолд бид дандаа л төрийн байгууллагуудын системүүдийг захиалгаар хийснийг та мэдсэн байх. Тендерийн хуулиар бол тендерт аль туршлага чадвартай сайн компани гэхээсээ аль бага үнэ өгсөн нь ялах болдог. Тиймээс өндөр үнээр орох боломжгүй дээрээс нь гэрээ хийснээс хойш тендерийн бичиг баримтын боловсруулаха үед тооцсон хугацаа маань ажил гүйцэтгэх шатанд захиалагч байгууллагаас хамаарч хугацаа их алддаг. Энэ нь эргээд ажилтнуудын цалин хөлс нэмэх боломжийг хаагаад байгаа юм. Ажилтнуудынхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний нийт борлуулалтан дахь эзлэх хувийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогоос нь ажилтнуудаа урамшуулдаг систем тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл компанийн нэрийн бүтээгдхүүнийг боловсруулахад оролцсон болон борлуулалтын дараах үйлчилгээг хариуцсан ажилтан тухайн бүтээгдэхүүн зарагдах бүрд нэмэлт орлого олох боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр нөгөө талаасаа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ сайжрах бас сайн талтай юм.
- Танайх дандаа захиалгын систем хийдэг юм уу?
- Бид өнөөдөр 10 гаруй өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болжээ. Их Сургуулийн програм, ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршооны програм, Санхүү нягтлан бодох бүртгэлийн програм, Цаг бүртгэлийн, E-Office, Хүний нөөцийн програм зэргийг дурдаж болно. Бид цаашдаа нэрийн бүтээгдэхүүнүүд дээрээ анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.Ер програмын хангамжийн компанийн орлогын бүтэц нь 20-30% орчим нь Maintainence буюу Үйлчилгээний гэрээнээс, 30-35% орчим нь цэвэр өөрсдийн бүтээгдэхүүнээс, үлдсэн 30-35% нь захиалгат төслөөс орж ирдэг байвал компани хэвийн амжилттай оршин тогтнох, хөгжих боломжтой гэж үздэг байна.
- Тэгвэл танайд энэ харьцаа ямар байна?
- Манайх харамсалтай нь нилээд өөр байгаа буюу 10%, 20%, 70% харьцаатай л байна. Тэгэхээр манай компани сүүлийн 20, 70-ийн балансыг ойртуулах бодлого барьж ажиллана.
- Захиалгат ажил их хийхээр яагаад буруу хандлагатай байдаг юм бол?
- Хүний асуудлыг шийдэж, хүний юмыг л хийж өгөөд байна гэсэн үг шүү дээ. Тэр тусмаа манайд бол бүр хэцүү. Манайхны нэг аймшигтай нөхцөл бол анхнаасаа тендер зарлахдаа төсөл дуусахад програмын эх кодыг авна гэсэн нөхцөл юм. Энэ бол програмын компаниудын ойлгоход хамгийн хэцүү зүйл. Хэрвээ энийг зөвшөөрөхгүй бол тендерт орох аргагүй болдог.
- Эх кодыг аваад тухайн байгууллага маань цааш нь аваад явж чадах уу?
- Үгүй яахав, аваад явж байгаа ганц нэг байна л даа. Гэхдээ л мэргэжлийн програм хангамжийн компанийн эх кодыг аваад цааш нь хөгжүүлнэ гэдэг бол хэцүү л харагддаг. Үндсэндээ энэ бол үндэсний програм хангамжийн компаниудыг боомилж байгаа утгагүй явдал юм. Байгууллагын удирдлага нэг удаа програмаа хийлгэж аваад цааш нь өөрсдөө хөгжүүлээд явах гэсэн л бодолтой байдаг байх л даа.
- Танайх инкубаторт байсан талаараа ярьж өгнө үү?
- Бид анх байгуулагдахад ороод 2 жил 6-н сар байсан юм. Шилдэг төгсөгч болсон тул 6-н сар сунгаж байх эрхээр шагнуулж билээ.
- Инкубаторт маань тус болсон уу?
- Тус болсоон. Үнэгүй байр, үнэгүй интернэт гэх мэтээр их тус болсон нь дамжиггүй.
OutSourcing-ийн талаар
- Танай байгууллага outsourcing-ийн талаар ямар бодлого баримталдаг вэ?
- Манай компани арай өөр байр суурьтай байдаг. Сүүлийн 2-3 жил ярьж байгаа нь баахан хүүхэд бэлдээд л тэгээд Японоос ажил авангуутаа мөнгө олчих юм шиг хэтэрхий хялбаршуулсан байдлаар ойлгуулаад байх шиг. Миний бодлоор бол юуны өмнө гадаад гэхээсээ илүү дотоодын ажлуудыг сайн хийх, дотооддоо outsourcnig хиймээр санагддаг. Програмын компаниуд нь хоорондоо нэг хэлээр ярьдаг, нэг технологитой болмоор байна. Харин одоо бол нилээд өөр өөр байгаа. Гадаадын байтугай дотоодын ажил дээр хүртэл компаниуд хамтарч ажиллахад зарим талаар нилээд их бэрхшээл учирдаг.
Хүн хүчний нөөц багатай манай улсын хувьд Энэтхэг шиг захиалгын програм боловсруулах бодлого барьж болохгүй. Харин Израйл шиг програм хангамжийн бэлэн бүтээгдэхүүн экспортлохыг чармайх нь илүү оновчтой. Энэ тохиолдолд манайх математик, физик, хими зэрэг байгалийн шинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтнүүдийг програм хангамжийн салбарт ашиглах нь чухал. Монгол хүний хатуу хөтүү нөхцөл, тулгамдсан үед ихийг бүтээж чаддаг чадвар дээр үндэслэн програм хангамжийн бизнесийн загвар бий болгох шаардлагатай гэж бид үздэг.
- Outsourcing хийхэд юу шаардлагатай вэ?
- Мэдээж мэдлэг, чадвар хамгийн гол нь цагийн юмыг цагт нь хийж сурах явдал. Энэ тал дээр манайхан жаахан тааруу даа, цагийг нт иулгаж байгаад хийх гээд байдаг сул талтай. Дээрээс нь Монголчууд гол асуудлыг нь богино хугацаанд шийдэж чаддаг ч жижиг гэх зүйлүүд дээр хайхрамжгүй ханддагаас цаг алдаад байдаг. Хүн хүчний хувьд дор хаяж 100 хүн, бүр хамгийн багадаа 50 хүн байх шаардлагатай. Гэтэл Монголд 50 гаруй хүнтэй компани хэд байгаа билээ. Outsourcing бол зарим тохиолдолд олон хүний хүчээр хийдэг ажил л даа. Манай хөрш Хятад хичнээн хүнтэй билээ. Ийм тохиолдолд яг одоо манай яваад байгаа хандлага бол буруу юм шиг санагддаг. Японы компаниуд нь дотроо 3-н шатлалтай байдаг. Цахим Засгийн Газар мэтийн улсын хэмжээний том төслийг топ 4-5-хан компаниуд нь авдаг. Тэд нь цаашаагаа дунд шатны компаниуд руу ажлаа хэсэглээд өгдөг. Тэгвэл дунд шат нь жижгүүд рүүгээ буюу 3-р шатны компаниуд руу өгдөг гэсэн үг. Энэ болгонд үнэлгээ маш ихээр буурдаг бөгөөд манайхны харьцдаг нь 3-р шат магадгүй бүр дахиад нэг дамжсан ч ажил байж болох юм. Ингэхээр хамгийн ашиг муутай, “хар” ажлыг нь бид хийх болоод байгаа юм.
- Нээрээ ч буруу байж болох л юм. Яагаад гэхээр олигтой үр дүн харагдахгүй л байна.
- Би 2-3 жилийн өмнө хэлж байсан. МТҮП манай компанийг Бридж компаниар ажиллахыг санал болгож байхад бид эхлээд нь дотоодын Бридж компаниар оръё гэж гэтэл журам дүрмээрээ болдоггүй гэсэн.
- Тэгвэл танайх outsourcing-ийн чиглэлээр их өөр бодлогоор явж тодорхой амжилттай байгаа юм байна.
- Яваад л байна. Гэхдээ бидний хурд жаахан удаан байгаа тал бий. Энэ нь нэгдүгээрт хөрөнгө оруулалтай холбоотой, хоёрт япончуудын бизнес сэтгэлгээний онцлогтой ч холбоотой. Японд компьютерийн ухаанаар доктор, мастер цол хамгаалсан хүмүүс бэлэн боллоо. Үргэлжлүүлэн сургаж байна. Иймээс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ингэж байж бид ядаж 2-р шатны компаниудтай харьцах, шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
- 2-р шатныхантай харьцахад үнэлгээ өөрчлөгдөх үү?
- Өөрчлөгдөлгүй яахав
БУСАД ТОМООХОН АЖЛУУД
- Өөр системүүдийнхээ талаар уншигчдад маань сонирхуулна уу? Тэр тусмаа улсын хэмжээний системүүдийг хэрхэн хийдэг вэ?
- Бид өмнө дурдсан 3-н системээс гадна Нийгмийн Даатгалын мэдээллийн системийг хийсэн. 2004 оны сонгуулийн өмнөхөн эхлээд 2006 онд хүлээлгэж өгсөн. Одоо өөрсдөө хөгжүүлээд аваад явж байдаг. Бүх аймаг дүүргүүдийн НДХ-үүдэд ашиглагдаж байгаа.
- Яг одоо танай компани ямар төсөл дээр ажиллаж байгаа талаараа ярихгүй юу?
- Бид өнгөрсөн жилээс Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн мэдээллийн системийг хийх тендерт шалгарч ажлаа бараг нугалаад байна. Энэ 12 сараас нэгдсэн тестэд орсон, 2009 оны 1-р сарын 1-нээс ашиглалтад өгчих санаатай байна. Улаанбаатар хот болон төв аймгийн нийт 30 000 гаруй цахилгаан хэрэглэгчдийн бүртгэл, төлбөр тооцооны систем, Орлого авлага, Тоолуур, Борлуулалт, танхимын гэсэн үндсэн дэд системүүдтэй.
Өөр нэг ажил нь мөн өнгөрсөн оноос эхэлсэн Үнэт цаасны төлбөр тооцооны E-CLEARING HOUSE гэдэг системийг бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн. Энэ оны шилдэг сонголтод өрсөлдөж байгаа. Энэхүү систем хөрөнгийн биржэд бүртгэлтэй 387 ХК-ийн 700 орчим тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 2,5 сая ширхэг хувьцаа, Засгийн газрын хямдруулсан бонд, компанийн бонд зэрэг үнэт цаасны хадгаламжийн бүртгэл, хөдөлгөөнийг бүртгэж байдаг юм. Тэрчлэн Хөрөнгийн зах зээлд оролцогч 411 000 гаруй харилцагчдын нэрийн данс болон тэдгээрийн хоорондын төлбөр тооцоо, үнэт цаасны арилжааны гүйлгээг хийдэг, өнгөрсөн жтл л гэхэд бараг 100 орчим тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн байна лээ.
Гуравдахь систем нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний “Халамжийн үйлчилгээний менежер програм”. 11 сараас 9 дүүрэг, зарим аймгуудад нэвтрүүлж эхлээд байгаа, ирэх жилд бүх аймаг, сумдад нэвтрүүлэх юм. Монгочууд чинь бараг бүгдээрээ халамжийн үйлчилгээнд ямар нэг байдлаар хамрагддаг юм биш үү.
Тэгээд УИХ-ын вэб сайт, дотоод интранэтийг боловсруулах ажил, АМГТХЭГ-ын захиалгаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бүртгэл, тайлан мэдээний програм зэргийг хийгээд дуусч байна даа. Ондоо багтаагаад хүлээлгээд өгчих байх аа.
БУСАД СИСТЕМҮҮДТЭЙ НИЙЦЭХ НЬ
- Улсын хэмжээний томоохон систем хийлээ гэхэд бусад системүүдтэй харьцаж ажиллах шаардлага гарч болох юм. Жишээ нь аль ч систем нь гэхэд л Иргэний Бүртгэл Мэдээллийн Системтэй харьцаж хүний тухай мэдээлэл авч болох юм. Энэ тал дээр бэрхшээл байдаг уу?
- Монгол улсад нэгдсэн мэдээллийн сүлжээний дэ бүтэц хараахан бүрдээгүй байна. Бас энэ чиглэлийн хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа тухай дээр хэлсэн. Байгууллага бүр өөрийн өөрийн гэсэн системүүдийг хийгээд байна. Хоорондоо харилцан уялдаатай ажиллах боломж хомс.
- Томоохон систем ажиллахын тулд тусгай тоног төхөөрөмжүүд, компьютер шаардлагатай болох нь дамжиггүй. Үүнийгээ хэрхэн шийддэг вэ?
- Бидний анхнаасаа баримталсан бодлого бол зөвхөн програм хангамжийн салбартаа л ажиллах юм. Тоног төхөөрөмж зэргийг угаасаа тендер нь тусдаа зарлагддаг. Харин нэг байгууллагаас зарлагдаж байгаа техник хэрэгсэл нийлүүлэх хугацаа, програм боловсруулах хугацааг адилхан зарлачихдаг тал бий. Програм бол оюуны бүтээл. Шинээр бодож төлөвлөж туурьвана гэсэн үг, “төмрийг” бол хаа нэгтэйгээс очоод л аваад ирнэ биздээ, тэгээд авчраад суурилуулаад л шууд ажиллана. Харин програм бол эхлээд байгууллагын хэрэгцээ шаардлагыг судлана, програмын төслийн бичиг баримт боловсруулна, тэр бичиг баримтынхаа дагуу програмын код бичнэ, бий болгосны дараа туршина, засвар өөрчлөлт хийнэ, анхан шатны мэдээлэл оруулна, зүгшрүүлнэ, тэгээд дээрээс хэсэг хугацаанд “маллана” гээд маш ажил, хүн хүч, дамжлаг шаардагддаг үйлдвэрлэл. Энэ ажлуудаа гэхдээ 1 удаа л хийчихгүй шүү дээ цикл байдлаар хийгдэнэ. Ажил гүйцэтгэх явцад ажлын даалгавар өөрчлөгдөнө, захиалагчийн шаардлагыг дутуу ойлгох, захиалагч шаардлагаа дутуу гаргаж өгөх юм гарна. Анх програмын захиалга гэж нэг хуудас цаас өгөөд тэр нь ажил гүйцэтгэх явцад нэмэгдсээр хэдэн арван хуудас болох бол энхүүхэнд.
КОМПЬЮТЕР ТАЙМС СЭТГҮҮЛ
2008 ОНЫ 12 САР

